2025-2026 оны хичээлийн жилд төгсөж байгаа ШУТИС Политехник Коллежийн Техникийн боловсрол олгох сургалтын төгсөгчдийн “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслол арга хэмжээ зохион байгуулагдаж дипломоо гардан авлаа.

      2025–2026 оны хичээлийн жилийн хавар төгсөж байгаа Техникийн боловсрол олгох сургалтын “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр зохион байгууллаа.
      Төгсөлтийн ёслолын ажиллагаанд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан, их сургууль, коллежийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, төгсөгчид, эцэг эхчүүд болон хүндэт зочид оролцлоо.

    ШУТИС-ийн Политехник Коллежийн 56 төгсөгч техникийн боловсролын дипломоо гардан авч, шаталсан сургалтын тогтолцооны үр дүнг бодитоор харууллаа. Эдгээр төгсөгчид цаашид бакалаврын түвшний сургалтад кредитээ дүйцүүлэн үргэлжлүүлэн суралцах боломжтой юм.
Төгсөлтийн ёслолын үеэр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир төгсөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлж, мэдлэг, ур чадвар, ёс зүйгээ эрхэмлэн эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөлөө.


     ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан төгсөгчдөд хандан хэлсэн үгэндээ дэлхийн боловсрол, технологийн салбарын өөрчлөлт, хиймэл оюун ухааны эрин үеийн боломжийг онцлон тэмдэглэж, ШУТИС-д эзэмшсэн мэдлэг, ур чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд зориулж, шинэ технологийн хэрэглэгч төдийгүй бүтээгч нь байхыг уриаллаа.
      Тэрээр мөн ШУТИС нь Монгол Улсын хөгжлийн бодлого, стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан 45 тэргүүлэх, 12 эрэлттэй хөтөлбөрөөр сургалт явуулж, улс орны хөгжилд шаардлагатай инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байгааг онцолсон юм.

        
  


Нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, эрдэм мэдлэг, ур чадвар, ёс зүйгээрээ манлайлан ажиллаж, Монгол Улсын хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.